Чезаре Беккариа

Чезаре Беккариа, италийн философич

Беккариагийн маркиз Чезаре Бонесана (итал. Cesare Bonesana, marchese di Beccaria , 1738 оны 3 сарын 12 – 1794 оны 11 сарын 28) нь Италийн соён гэгээрүүлэгч, нийтлэлч, сэтгэгч юм.

Намтар

Чезаре Беккариа Миланы язгууртан Жованни Саверигийн ууган хүү болон мэндэлж маркиз Бенесано хэмээх цолыг залгамжлан авсан. Италийн Парма хотын шашны коллеж, Павийн их сургуульд тус тус суралцан 1758 онд хууль зүйн ухааны докторын зэрэг хамгаалжээ.

Оюутан ахуйдаа философи сонирхох болж Монтьеске, Гельвеции, Дидро, Юм нарын бүтээлийг уншиж, үзэл санааг нь итгэл үнэмшил болгосоны улмаас ойр зиндааныхантайгаа хэл амаа ололцохоо больсоны дээр эцгийн хоригийг зөрчин байж угсаа сурвалжгүй Тереза де Бласко гэх бүсгүйтэй гэрлэсэнээс гэр бүлийнхэнтэйгээ зөрчилдөх болж улмаар язгууртан давхрагынхнаас хөндийрчээ.

Энэ үеэс Беккариа тухайн үедээ шинэчлэлийг дэмждэгээрээ алдартай байсан ах дүү Верри нартай нөхөрлөх болж, тэдний найз нөхөд, “Кафе” сэтгүүлийнхэн зэрэг тухайн үеийнхээ тэргүүний сэхээтнүүдтэй философийн маргаан, мэтгэлцээн өрнүүлэх болсноор жинхэнэ соён гэгээрүүлэх үзэлтэн болж төлөвшсөн байна. Түүнд Ж.Руссогийн бүтээл ихэд нөлөөлж нийгмийн гэрээний онолыг итгэл үнэмшил болгон хамгаалдаг байсан тул нөхдийн дунд “итали Руссо” нэрийг авчээ. Анхны бүтээл болох “Миланы мөнгөний бодлогын гажуудал ба түүнийг засварлах арга зам” номоо 1762 онд бичсэн нь язгууртан, сэхээтнүүдийн дунд ихээхэн дуулиан тарьж олны анхаарлыг татсан. Харин алдарт “Гэмт хэрэг ба ялын тухай” номыг 1764 онд бичиж дуусгасан байна.

Беккариа эл бүтээлээрээ эрүүгийн эрх зүйн шинэтгэлийн суурийг тавьсан бөгөөд гэмт хэрэг гэж юу болох, ялын зорилго юунд орших хийгээд эдгээрээс салбарлан гарсан олон асуултад нийгмийн гэрээний онол, жам ёсны эрхийн үзэл санаанд тулгуурлан хариулт өгсөн юм. Өөрөөр хэлбэл энэ ном хүн бүр байглаас тэгш эрхтэй гэх үзэл санаанд суурилсан. Гэтэл ингэж үзэх нь тэр үеийн язгууртан, сурвалжтаны давхаргаар удирдуулдаг Италийн төрийн байгууламжийн эсрэг зүйл байв.

Түүний “Dei delitti e delle pene” буюу “Гэмт хэрэг ба ялын тухай” (1764) нэртэй бүтээл нь хэвлэгдсэн даруйдаа Европын хэд хэдэн хэлээр хэвлэгдэж тухайн үеийн харгис хатуугаараа гайхагдаж байсан эрүү шүүлт, гэмт хэргийн талаар өнөөгийн хүний хувьд дэндүү харгис ял шийтгэлийн бодлого, хэргийг мөрдөх, ял ногдуулах тухай туйлширсан үзэл баримтлалыг эрс шүүмжилсэн байдаг.

Дөнгөж 25 насандаа нийгмийг сэрээсэн цуутай бүтээл туурвисан залуу маркизыг язгууртны давхрагынхан, эрх баригчид ихээр гоочлон “социалист”, “тэрс үзэлтэн” гэхчилэн элдвээр цоллон шүүмжилж байсан боловч тухайн үеийн дэвшилтэт үзэлтэй сэхээтнүүд бүтээлийг нь таашаан хүлээн авч дэмжиж байжээ. Түүний бүтээл тухайн үеийн Европын шилдэг сэтгэгчид болох Францын Мабли, Вольтер, Английн Уилъям Блэкстон, Саммуэль Ромилли зэрэг эрдэмтэдийн бүтээлд хүчтэй нөлөөлж, ер нь бүх Европоор өрнөсөн хувьсгал, шинэчлэлд түүний үзэл, сэтгэлгээ мөрөө үлдээсэн гэж үздэг. Бүр Оросын хатан хаан II Екатерина хүртэл түүний бүтээлийг ихэд сонирхож эх орондоо урьсан байдаг.

Европын олон оронд Беккариагийн үзэл санааг сайшаан дэмжсэнээр эх оронд нь ч түүнийг хүлээн зөвшөөрөх болж 1769 оноос Миланы их сургуульд уригдан профессороор ажиллаж байгаад төрийн өндөр албанд томилогдон 1771 онд Ломбарди хотын эдийн засгийн дээд зөвлөлийн гишүүнээр 1778 оноос мөнгөний шинэчлэлийн зөвлөлийн гишүүн болсон. Тэрээр амьдралынхаа сүүлийн өдрийг хүртэл өндөр албан тушаал хашиж Италийн Флоренц хотод амьдарч байгаад 1794 оны 11 сарын 28-нд нас баржээ.

Other Languages